Тавтай морилно уу

Есүсийн заасан үнэн ба зарчмууд бидний амьдрах, гэр бүлээ өсгөн хүмүүжүүлэх, нэг нэгэндээ хандах, саад бэрхшээл, асуудлыг даван туулах арга замд эергээр шууд нөлөөлдөг амьд итгэлд тавтай морилно уу. Бидэнтэй нэгдэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэгэн хэсэг болно уу.

Энэхүү Христийн мэндэлсний баяраар Түүний мэндэлснийг харуулсан богино хэмжээний шинэ кино үзэж, Есүстэй илүү ойртоно уу. #Дэлхийггэрэлтүүлцгээе уриалгад хэрхэн оролцох арга замыг бодож олоод, Христийн мэндэлсний баярыг үйлчлэх цаг мөч болго. Аврагчийн үлгэр жишээг даган, Түүнтэй адил бусдад нэг нэгээр нь тохинуулах үйл хэрэгт бидэнтэй нэгдэнэ үү.

...
Христ Хүү
18:00

Доорх хуанлийг татаж аваад, Христийн мэндэлсний баярын өдөр хүртэл өдөр бүр хийх энгийн үйлчлэлийн санааг олж ав. #Дэлхийггэрэлтүүлцгээе хаштагийг ашиглан, бусадтай туршлагаа онлайнаар хуваалцана уу.

Энэ жилийн #Дэлхийггэрэлтүүлцгээе үйлчлэлийн хуанлийг авна уу

Үндсэн итгэл үнэмшил

Бурхан бол биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэг юм. Түүнд бидний хүн нэг бүрд зориулсан аз жаргалын төлөвлөгөө бий. Бид итгэлээр амьдарч, бусдад туслан, суралцаж, өсөж хөгжихөөр энэ дэлхийд ирсэн. Бурхан бидэнд туслахаар Өөрийн Хүү Есүс Христийг (Иохан 3:16-г үзнэ үү) илгээсэн. Есүс Христээр дамжуулан бид нүглээсээ өршөөгдөж, амилуулагдан, Бурхантай болон гэр бүлтэйгээ дахин хамт амьдарч чадна.

Бид ганцаараа эдгээр адислалыг эрэлхийлдэггүй. Биднийг залбирвал Тэнгэрлэг Эцэг маань залбиралд хариулна хэмээн амласан. Түүнчлэн Бурхан бидэнд Библи, Мормоны Ном зэргээр болон өнөө үед амьд бошиглогчдоор дамжуулан удирдамж заавар өгдөг. Бид Бурханы тааллыг мэдэж, Түүнийг даган, бусдыг хайрлаж,  шударга амьдрахыг хичээх ёстой. Сүмийн эрхэм зорилго бол биднийг Бурханы аваасай хэмээн хүсдэг адислалуудаас хүртэхүйц зохистой байлгахын тулд энэ амьдралын саад бэрхшээлтэй нүүр тулж, Есүс Христийг дагахад бидэнд туслах явдал юм.

Та бол Бурханы хүүхэд. Тэрээр тэнгэрт амьдардаг тул бид ихэвчлэн Бурханыг Тэнгэрлэг Эцэг хэмээн нэрлэдэг. Түүний мэлмийний өмнө бид бүгд эн тэнцүү бөгөөд хайрлуулж, аз жаргал хүртэх эрхтэй. Бурхан бүхнийг мэддэг тул бидний хүн нэг бүрийг хувь хүний маань хувьд ойлгодог. Тэрээр бидний сул болон хүчтэй тал, итгэл найдвар, айдсыг мэддэг. Тэнгэрлэг Эцэг маань тэвчээртэй бөгөөд өршөөнгүй. Бидний хэн болох, юу хийсэн зэргээс үл хамааран Бурхан бидэнд туслахыг мөн Өөрт нь хандаасай гэж биднээс хүсдэг. Түүнд хандсанаар бид амьдралдаа илүү их баяр баясгаланг мэдэрдэг.

Бидний Тэнгэрлэг Эцэг биднийг өршөөгдөх боломжтой болгохын тулд дэлхийд амьдрах бүх хүний нүглийг үүрүүлэхээр Өөрийн Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн (Иохан 3:16-г үзнэ үү). Есүс мөн бидэнд дахин амьдрах боломж олгохын тулд үхлийг ялан дийлсэн. Есүс тэнгэрлэг мөн чанартай бөгөөд төгс төгөлдөр амьдралаар амьдарсан тул бидний өмнөөс энэхүү золиосыг гаргах боломжтой байв.

Бид бүгд амьдралынхаа туршид алдаа гаргаж, харамсах зүйл үйлддэг. Гэхдээ бид илүү сайн байхыг хичээж, Тэнгэрлэг Эцэгтээ хандан, уучлал хүсэн залбирдаг байвал дахин цэвэр болох боломжтой. Бид бүгдээрээ өөрсдийн Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийн агуу хайрын өмнө өртэй.

Библи бол Бурханы үг юм. Энэ нь эртний бошиглогч, түүхчдийн бичсэн ариун номын цуглуулга. Эдгээр зохиолч Бурхан, Түүний хүмүүсийн хоорондын 4000 гаруй жилийн харилцааг цэдэглэжээ. Тэдний сүнсээр өдөөгдсөн үгсийг өнөөдөр Ариун Библи хэмээх нэрээр нь бид мэднэ.

Библи дэх сургаалуудыг дагах нь Бурхан гэж хэн болохыг мэдэж авч, Түүнийг хайрладаг сайн хүмүүсээс суралцаж мөн Тэрээр биднийг хэрхэн амьдраасай хэмээн хүсдэгийг илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг.

Мормоны Ном бол Есүсийн талаар заадаг мөн эртний Америк тивд хийсэн айлчлалыг нь онцолсон эртний цэдэг юм. Библид Бурхан Мосе, Ноа нартай ярьж байсан шиг Тэрээр Америк тив дэх бошиглогчдодоо Өөрийн сургаал, хуулиудыг цэдэглэхийг мөн зааварласан. Мормон Ном нь Есүсийн амьдрал, тохинууллыг мөн биднийг нүглээс аварч, үхлийг ялан дийлэхийн тулд хийсэн үйл хэргийг нь бататгадаг.

Мормоны Номд гардаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн болон гэр бүлүүдийн амьдралд яг бидэнд тулгардагтай адил зовлон бэрхшээл тулгарч байсан. Бид тэдний түүхээс өөрсдийгөө олж хардаг бөгөөд илүү сайн хүн байж, Есүстэй адил болоход нь бусдад туслахаар сүнсээр өдөөгддөг.

Бурхан биднийг сайн сайхан, хүнд хэцүү туршлагын аль алинаас нь суралцаж, өсөж хөгжүүлэхээр дэлхий рүү илгээсэн. Тэрээр бидэнд зөв, буруугийн хооронд сонгох боломж олгодог ч Өөрийг нь дагасан хүмүүст агуу адислал амладаг. Бидэнд бүх асуултын хариулт байхгүй байхад Түүний төлөвлөгөөнд итгэлтэй байх хэцүү.

Бид бүгд алдаа гаргадаг тул Бурхан бидэнд цэвэршиж, өршөөгдөх боломж олгохын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Есүс бидэнд гэртээ эргэн ирж, Бурхантай хамт амьдрах боломжийг олгодог. Бид Есүсийг хүлээн зөвшөөрч, Түүний үлгэр жишээг дагаснаар амин хувиа хичээх маань багасаж, илүү их хайр, амар амгалан, аз жаргалыг мэдэрдэг.

Гэр бүл бол Тэнгэрлэг Эцэгийн маань аз жаргалын төлөвлөгөөний томоохон хэсэг юм. Бид гэр бүлд төрдөг. Бид бат бөх гэр бүлийн харилцаатай байхыг эрмэлздэг. Гэр орон нь тусламж дэмжлэг, хамгаалалт, хайр мэдэрдэг газар юм. Бурхан гэр бүлийн харилцаа холбоог маань биднийг нас барах үед дуусгавар болгохыг хүсдэггүй. Хэрэв бид Түүнийг дагахыг сонговол дараагийн амьдралд гэр бүлтэйгээ эргэн нэгдэнэ. Энэ нь хэрхэн боломжтой болохыг мэдэхийг хүсвэл номлогчидтой уулзана уу.

Бурхан таны Тэнгэр дэх Эцэг бөгөөд таныг сонсохыг хүсдэг. Та Түүнд хандан залбирснаар Түүнтэй холбогдох боломжтой. Түүний хүүхдийн хувиар та амьдралдаа тусламж дэмжлэг, удирдамж заавар хүсэн, Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч болно. Залбирлыг чанга хэлж болно эсвэл оюун бодолдоо ч залбирах боломжтой. Та бусадтай ярилцдагтайгаа адил Бурхантай ярилцаж болно. Та уран сайхан үг хэллэг ашиглаж эсвэл цээжилсэн зүйлээ хэлэх хэрэггүй. Тэрээр таны дэргэд байж, сонсож байгаа гэдэгт итгэ. Учир нь тэр сонсож байдаг. Тэр танд тусална гэдэгт итгэ. Учир нь Тэрээр туслах болно.

Залбирах энгийн дараалал:

  1. Бурханы нэрийг дууд.
  2. Талархлаа илэрхийл.
  3. Адислал, тусламж хүс.
  4. Залбирлаа “Есүс Христийн нэрээр, амен” гэж хэлж дуусга
  5. Хүлээн авсан хариултынхаа дагуу үйлд.

Бид нүгэл үйлдэж, буруу сонголт хийснээр өөрсдийгөө Бурханаас холдуулдаг. Есүс Христ бидний нүгэл, алдааны өмнөөс зовж шаналсан. Ийм учраас, хэрэв бид өршөөл хүсэн, илүү сайн болохыг хичээвэл цэвэршин, Бурхантай дахин хамт амьдрах боломжтой.

Бурхан биднийг алдаа гаргах үед уучилж өршөөдөг тул бусдыг алдаа гаргахад мөн уучилдаг байгаасай хэмээн биднээс хүсдэг. Ийм уучлалд өөрөө өөртэйгөө тэмцэлдэх, хангалтгүй байгаа гэдгээ мэдрэх зэрэгт өөрсдийгөө уучлах явдал ордог.

Баптисм бол таны Бурханд өгдөг амлалт буюу Түүнтэй байгуулдаг гэрээ юм. Та баптисм хүртэхдээ Түүнд үйлчилж, зарлигийг нь чадлынхаа хэрээр дагана гэдгээ амладаг. Есүс “Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна” (Иохан 3:5) хэмээн заасан. Энэ нь тэнгэрт орохын тулд баптисм хүртэх буюу “уснаас төрөх” шаардлагатай гэсэн үг юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисмыг усан доор умбуулах байдлаар хийдэг. Энэ нь усанд бүтэн биеэр нь оруулж, гаргаж ирдэг гэсэн үг юм. Библи дээр “Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гар[сан]” (Матай 3:16) хэмээн цэдэглэжээ. Усанд умбуулах баптисм нь нүглийг угаахын зэрэгцээ үхэл, оршуулга, амилалтын гайхалтай сайхан бэлгэдэл юм. Баптисм нь амьдралын хуучин хэв маягаа орхиж, Есүсийн үлгэр жишээг дагах шинэ амьдралыг эхлүүлж байгааг төлөөлдөг. Хэрхэн баптисм хүртэж болохыг номлогчидтой уулзаж мэднэ үү.

Библид Бурхан хүмүүсээс зарим нэгэн хоолыг идэхгүй байхыг хүссэн талаар олон удаа дурдсан. Энэ нь өнөө үед ч хүчинтэй. Бурхан Мэргэн ухааны үг хэмээн нэрлэгддэг нэгэн ухаалаг зөвлөгөөг өгсөн ба энэ нь Түүний бүх хүүхдэд эрүүл саруул байхад тусалдаг. Үүнд тэжээллэг хоол хүнс хэрэглэж, донтуулах бодисоос хол байхыг бидэнд зөвлөдөг.

Мөн бидэнд эрүүл байх, сахилга баттай болох, сүнслэг байдлын хувьд илүү сайн холбогдоход туслахын тулд нойроо хангалттай авах, тогтмол дасгал хийх, сард нэг удаа мацаг барих буюу дараалсан хоёр удаагийн хоол идэлгүй алгасахыг урамшуулдаг.

Ариун сүм бол дэлхий дээр баригдсан Бурханы бодит өргөө. Ариун сүм хувь хүмүүсийн Бурханд ариун амлалт өгөх, Сүнсний амар амгаланг мэдрэх, өдөр тутмын амьдралын хүнд хэцүү шахалт шаардлагаас амсхийх газар билээ.

Түүнчлэн ариун сүм бол Бурханы бидэнд өгдөг хамгийн агуу адислалуудыг хүлээн авдаг газар юм. Хосууд ариун сүмд гэрлэснээр “насан эцэслэх хүртлээ” биш, харин “энэ амьдралд болон мөнхөд” холбогддог. Мөн ариун сүм нь нас барсан өвөг дээдэс, хайртай хүмүүстээ үйлчилдэг газар юм. Бид үүнийг амьдралдаа ёслолууд хийлгэх боломжгүй байсан хүмүүсийн өмнөөс ёслолуудыг (баптисм гэх мэт) хийж гүйцэтгэх замаар хийдэг.

Бид дэлхийд ирэхээсээ өмнө Бурхантай амьдарч байсан. Есүс үхлийг ялан дийлсэн тул бид үхсэнийхээ дараа ч үргэлжлүүлэн амьдарна. Үхэл бол Бурханы төлөвлөгөөний нэгэн хэсэг юм. Хэдийгээр бид хайртай хүмүүсээ алдсанд гашууддаг ч үхэл бол төгсгөл биш гэдэгт итгэж найддаг. Үхлийн дараа юу тохиолддогийг мэдэхийг хүсвэл номлогчидтой уулзана уу.

ComeUntoChrist.org Chat is typing...